Saturday, April 11, 2020

ФЛОРЭНС НАЙТИНГЕЙЛИЙН СУВИЛАХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЧНЫ ОНОЛ

Сайн байцгаана уу, хүүхдүүдээ?
Этүгэн Их Сургуулийн эрдэмтэн, багш нарын зүгээс сувилахуйн үйл ажиллагааны чиглэлээр цахим орчинд байршуулж буй хичээлийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаад бид Английн нийгмийн зүтгэлтэн Флорэнс Найтингейл авхайн сувилахуйн үйл ажиллагааны орчны онол /Florence Nighingale’s Environmental Theory of Nursing/ сэдвийг сонгон авч байна. Хүүхдүүд та бүхэн тухлан үзэж, таалан болгооно уу.
Английн нийгмийн зүтгэлтэн, сувилахуйн шинжлэх ухааныг цүглэгч Флорэнс Найтингейл амьдралынхаа туршид нийтдээ 200 орчим өгүүлэл, зохиол нийтлүүлсэн байдаг. Эдгээрээс 1859 онд хэвлүүлсэн «Асаргаа, сувилгааны талаарх тэмдэглэл» /Notes on Nursing; Записки об уходе/ бүтээл нь судлаачдын зүгээс өндөр үнэлэлт авсан байна. Натайнгэл уг зохиолдоо сувилахуйн үйл ажиллагааны орчны онол гэж нэрлэгдсэн үзэл санаагаа хөгжүүлжээ.
Тэгвэл Флорэнс Найтингейл  гэж хэн бэ?
Флорэнс Найтингейл  1820 оны тавдугаар сарын 12 нд Италийн Флорэнц хотноо чинээлэг язгууртан Уильям Эдвард Найтингейл, Фрэнсис Смит нарын гэрт эснэжээ. Бага наснаас бичиг үсэгт зэгсэн боловсорч, эртний Грек, Латин хэлний зэрэгцээ Франц, Герман, Итали хэлийг бүрэн эзэмшсэн байна. Найтингейл өвчин зовлон, үхэл хагацлаас хүмүүсийг ангижруулах явдлыг өөрийн зорилго хэмээн үзэж байв. 20 насандаа сувилагч болохоор шийдсэн ч 13 жилийн дараа мөрөөдөлдөө хүрчээ. Өгүүлэн буй үед Англид сувилахуйн үйлийг хамгийн адгийн ажилд тооцдог байв.
Эцэг, эх, ойр дотныхоо эсэргүүцлийг үл хайхран хэдэн сарын туршид Лондон хотноо эмнэлэгт өвчтөн асарч, 1846 оноос сувилахуйн үйл ажиллагааны зохион байгуулалтыг судлах зорилгоор Итали, Египэт, Грек улсаар аяласан байна. Аяллын явцдаа Германы Кайзэрвэрт дахь Диаконис Хүрээлэнд зочилсон нь түүний амьдралд томоохон эргэлт авчирчээ. Эхийнхээ дэмжлэгийг олсон Флорэнс Найтингейл Кайзэрвэрт дахь гэлэнмаа нарын нийгэмлэгт номлогч Флэндэрийн удирдага дор 1851 онд сувилахуйн боловсрол эзэмшжээ. Улмаар 1853 оноос Лондон хотноо Харли-стрит дахь жижиг эмнэлэг удирдах болсон байна. Удалгүй түүний нэр алдар газар сайгүй түгэн дэлгэрч, бусад газруудад уригдах болжээ.
1854 оны аравдугаар сарын 21 нд 38 туслахын хамт Оттманы эзэнт гүрний Стамбул дахь Скутари дүүргийн хээрийн эмнэлэгт, дараа нь Крымд сувилагчаар ажилласан байна. Өвчтөн асрах, шархтан сувилах зарчмыг эрэмбэ дараатай хэрэгжүүлсний үр дүнд зургаан сарын дотор шархадсан цэргийн эндэгдлийг 42%-иас 2% болгож бууруулсан байна. Дайнд шархадсан хүнд өвчтэй 300 гаруй хүн байсан бол мөн хугацаанд 20 хүрэхгүй хүн болж буурчээ. 1856 онд өөрийн хөрөнгөөр Крымд газар худалдан авч дайнд үрэгдсэн цэрэг эрсийн дурсгалын цогцолбор байгуулсан байна.
Англид эргэн ирснээр Найтингейл Британы армийн эрүүл мэндийн албыг өөрчлөн шинэчлэх ажлыг сэджээ. Хэдийгээр Цэргийн явдлын яамны зүгээс эсэргүүцэл үзүүлж байсан боловч 1857 онд Цэргийн эрүүл мэндийн асуудал хариуцсан тусгай комисс байгуулсан байна. Өгүүлэн буй үед эмэгтэй хүн ийм өндөр алба үүрэглэх боломжгүй байсан бол Найтингейл комиссын гишүүн болоод зогсоогүй тус бүтцийн үйл ажиллагаанд хүртэл хүчтэй нөлөөлөх болсон юм. Шинэчлэл шаардлагатай гэдгийг засгийн газартаа итгүүлэх үүднээс судалгаа, баримт нотолгоо түшиглэх болсон нь тус улсад статистик, тэр дундаа нийгмийн статистик хөгжих эхлэл болж өгчээ. 1859 онд Британы цэргийн яамны сайдаар Сэдней Хэрбэрт томилогдсон нь Найтингейлийн эхлүүлсэн шинэчлэл эрчээ авах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Сувилахуйн үйл, шинжлэх ухааны мэдлэгийг цүглэгч Флорэнс Найтингейл 1859 онд Хатан хааны статистикийн нийгэмлэгийн гишүүнээр сонгогдсон бөгөөд хожмоо Америкийн статистикийн холбооны хүндэт гишүүн болжээ. Сувилахуйн онол, үзэл санааны эхийг тавигч Флорэнс Найтингейл 1910 оны наймдугаар сарын 13 нд Лондон хотноо 90 насандаа мөнхөрч, шарирыг нь Гэмпшир гүнлэг дэх Ариун Маргаритагийн сүмд нутаглуулжээ.
Одоо бүгдээрээ түүний сувилахуйн үйл ажиллагааны орчны онолтой танилцья.
Юуны түрүүнд, Найтингейл өвчтөнийг асарч, сувилах үйл ажиллагаанд шинжлэх ухаанч байр сууринаас хандахыг оролдсон анхны хүн юм. “Анагаахын сувилахуй шиг хүний үхэл, амьдралтай ханьссан мэргэжил гэж үгүй билээ(С. А. Мухина, И. И. Тарновская 2020) хэмээн тэрээр бичжээ. Сувилахуйн үйл ажиллагаа нь “эмчийн үйл ажиллагаанаас ялгагдах тусдаа мэргэжил бөгөөд эмчийн мэдлэгээс ангид тусгай мэдлэг шаарддаг болно(Nightingale 1860). Сувилахуйн үйл ажиллагаа гэдэг нь “өвчтөнийг эрүүл болгох зорилгоор түүний хүрээлэн буй орчныг зохистойгоор ашиглах” үйлдэл мөн /Nursing as the act of utilizing the environment of the patient to assist him in his recovery/ (Найтингейл 2002).
Гэр бүл, эмнэлэгийн орчинд асаргаа, сувилгаа авч буй ихэнх тохиолдолд өвчтөний зүгээс тавьж буй шаардлага, хүсэлтийг тухайн өвчнөөс үүдсэн зүй ёсны шинж гэж үздэг. Үнэндээ өвчтөний ихэнх шаардлага, хүсэлт нь гэрэл гэгээ, цэвэр агаар, дулаан, тав тухтай цэвэр орчин, зөв хоол, хоолны зохистой хэрэглээ гэх мэт өөр шалтгаанаар нөхцөлдсөн байдаг. Ерөөсөө өвчтөний дургүйцэл буруу асаргаа, сувилгаанаас ихээхэн хамаардаг. Өвчтөнийг ойр тойрныхон нь анзаарахгүй юм үл тоомсорлох нь өвчин гэж нэрлэгдсэн зүйлийг зөв асарч, сувилахад тулгарч буй гол саад юм(Nightingale 1860). Эндээс тэрээр өвчтөний хүрээлэн буй орчин гэх ойлголтыг гаргаж ирсэн байна.
Найтингейлийн үзсэнээр, хүрээлэн буй орчин нь гэрэл гэгээ, цэвэр агаар, цэмцэгэр орчин, дулаан тав тухтай байдал, хоололт гэсэн таван зүйлээс бүрдэх бөгөөд хэрэв эдгээрт хамаарал бүхий дүрэм журам, зарчмыг баримталж чадвал ямар ч өвчнийг анагаах, эдгээх боломжтой гэж үзсэн байна.  «Асаргаа, сувилгаа» гэх үг бодож байгаагаас ч илүү гүн утгатай юм. Үнэндээ асаргаа, сувилгаа гэдэгт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг идгээхэд шаардагдах эрүүл ахуйн бүх дүрмийг чанд сахин биелүүлэх, тохируулахыг хэлнэ. Асаргааны явцад цэвэр агаарын урсгал, гэрэл гэгээ, дулаан, тав тухтай цэвэр орчин, зөв хоол, хоолны зохистой хэрэглээг тохируулах шаардлагатай бөгөөд өвчинд суларсан бие махбодын хүчийг нөхөн сэргээх нь тэргүүн зэргийн ач холбогдолтой гэдгийг хэзээ ч мартаж болохгүй юм (С. А. Мухина, И. И. Тарновская 2020). Өвчинтэй шууд холбоогүй шалтгаан өвчний эдгэрэх, эмчлэгдэх байдалд зарим тохиолдолд суурь нөлөөтэй байдаг гэдгийг тогтоож өгсөн нь Найтингейлийн гол дүгнэлт болно.
Найтингейл эм эмчилгээний аргаар бус, сэтгэл санаа, бие махбодод орчноор дамжуулан нөлөөлж, өвчинтэй тэмцэх хат, дархлаа суулгахад онцгой анхаарч байв. Энэ нь ч тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байжээ. Сувилахуйн үйл ажиллагаа нь практик туршлага байхын зэрэгцээ шинжлэх ухааны мэдлэг болно. Иймд эмчийн үйл ажиллагаанаас тусдаа авч үзэх ёстой. Сувилахуйн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэх зорилгоор 1860 онд Лондон хотноо байрлах Ариун Томасын эмнэлэг түшиглэн сургууль байгуулсан байна.
Дэлхий дахинаа 1873 онд Линда Ричардс (Malinda Ann Judson Richards, 1841-1930 он) анхны дипломтой сувилахуйн мэргэжилтэн болсон бол 1907 онд сувилахуйн үйл ажиллагааны чиглэлээр профессор цолыг Колумбын Их Сургуульд Мэри Адэлиада Нуттинг (Mary Adelaide Nutting, 1858-1948 он) анхлан хүртэж байжээ. Америкийн сувилахуйн холбоо 1897 онд байгуулагдсан байна. Бакалаврын зэргийн сургалт 1934 онд, магистрын сургалт 1937 онд Йелийн Их Сургуульд бий болсон байна. Энэ бүхэн Найтингейл авхайтай ямар нэгэн байдлаар холбоотой байв. Тийм ч учраас 1907 онд Английн VII Эдуард хаан түүнийг гавьяаны одонгоор шагнаж байжээ. Найтингейл сувилагчийн ажил эрхэлж байгаагүй хүн хэзээ ч сувилагч болох хүнд багшилж болохгүй гэсэн зарчимд хатуу итгэдэг нэгэн байлаа.
 Түүний үзэл санаагаар товчилбор байдлаар аяласан энэ удаагийн хичээл үүгээр жаргаж байна. Анхаарч толилсон та бүхэнд баярлалаа. Сувилахуйн чиглэлээр суралцахыг хүссэн хүн бүхэнд Этүгэн Их Сургуулийн үүд ямагт нээлттэй байх болно.

Эх сурвалжийн жагсаалт

Nightingale, Florence. 1860. Notes on Nursing: What it is, and what it is not. New York : D. Appleton and Company.
Найтингейл, Флоренс. 2002. Записки об уходе. Ответственный редактор: Профессор Г. М. Перфильева, Москва: Русский врач.

С. А. Мухина, И. И. Тарновская . 2020. Теоретические основы сестринского дела: Учебник для медицинских училищ и колледжей. Москва : ГЭОТАР-Медиа.

Tuesday, April 7, 2020

СУВИЛАХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Сайн байцгаана уу, хүүхдүүдээ?
Этүгэн Их Сургуулийн эрдэмтэн, багш нарын зүгээс сувилахуйн үйл ажиллагааны чиглэлээр цахим орчинд байршуулж буй хичээлийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаад бид сувилахуйн үйл ажиллагааны үүсэл хөгжил сэдвийг сонгон авч байна. Хүүхдүүд та бүхэн тухлан үзэж, таалан болгооно уу.
Хүн төрөлхтний соёл иргэншил, ерөнхий анагаах ухааны мэдлэг үүсэхээс өмнө сувилахуйн үйл ажиллагаа бий болсон гэдгийг НТӨ 100 мянга орчим жилд хамаарах археологийн олдоц түшиглэн эрдэмтэд баталсан байдаг. Сувилахуйн үйл ажиллагааны үүсэл хөгжил нь шашны болон цэрэг дайны үйлтэй нягт холбоотойгоор бий болсон байна. Тулаанд шархадсан хэн нэгийг асрах, ойр дотны нэгнээ хайрлаж, энхэрдэх сэтгэл, практик ажиллагааны илрэл болж сувилахуйн үйл ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Гэвч цаг хугацааны явцад сувилахуйн үйл дэлгэр шинжтэй болж, энэ чиглэлд нарийн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх нийгмийн зүй ёсны шаардлага урган гарчээ (Мухина 2016). Одоо бүгдээрээ сувилахуйн үйл ажиллагааг илүү дэлгэрүүлэн авч үзье.
Юуны түрүүнд, сувилахуйн үйл ажиллагааны эхлэл болсон ойр дотны хэн нэгнээ асарч, энэрэх мэдрэмж хүний төрөлх мүс чанарт суурилсан байдгийг дурдах байна.
Тэгвэл хэнийг ойрт дотныхон гэж үзэх ёстой юм бэ?
Ойр дотны хүмүүсийн талаарх төсөөлөл хүн төрөлхтний түүхийн үе бүхэнд хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Ангит нийгмээс өмнөх үед ойр дотныхон гэдэгт гол төлөв эцэг, эх, үр хүүхэд, ах, эгч, эхнэр, нөхрийг хамруулан ойлгодог байв. Гэвч цаг хугацаа улирах тусам уг ойлголтын агуулга өргөжин тэлэх болсон байдаг. Ойр дотны хүмүүсээ асарч энэрэх сэтгэлийн илрэл нь өвчтэй, дорой нэгнээ тэнхрүүлэн тэтгэх явдал юм. Өвчтэй, дорой нэгнээ тэнхрүүлэн тэтгэх уг үйлд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэй хүмүүс гаршсан байдгийг дурдах байна. Гэхдээ эрэгтэй хүмүүс эрхэлж болохгүй үйл гэж ойлговол өрөөсгөл болох билээ. Хүн төрөлхтний сувилахуйн түүхэнд нэр цолгорсон олон эрэгтэй сувилагч гарч байсныг тэмдэглэх байна. Тухайлбал, Америкийн иргэний дайны үеийн нэр түгсэн сувилагч Уолт Уитмэн (Walt Whitman, 1819-1892 он)-ийг дурдаж болно. Яруу найрагч, сэтгүүлч, хүмүүнлэг үзэлтэн тэрээр иргэний дайны жилүүдэд тулаанд шархадсан өвчтөнд тусламж үзүүлж байжээ. Америк тив дэх анхны хар арьст сувилагч Жамэс Дэрхам (James Derham, 1762-1802 он)-ын түүх түүнээс ч дутахгүй хатан зоригийн илэрхийлэл байсныг тэмдэглэн хэлэх байна. 1762 онд Америкийн Филадельфид боолын гэрт мэндэлсэн тэрээр нөр их зүтгэл, сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар боловсрол олж, сувилахуйн үйлд цагаарсан байдаг. Үүгээр ч үл барам өөрийн мэргэжлийн үр шим, үнэ цэнээр боолоос чөлөөлөгдөж, эрх чөлөөт иргэн болсон түүхтэй.
Хүн төрөлхтний түүхийн нэн эрт үед өвчтэй, дорой нэгнээ асарч тэтгэх үйлийг төрөл төрөгсөд нь эрхэлж байв. Өвчтөнийг асрах тусгай бэлтгэгдсэн хүмүүс гэж байсангүй, гагцхүү амьдралын баялаг туршлага бүхий хижээл насны эмэгтэйчүүд голлон эрхэлж байлаа. Аажимдаа тусгай бэлтгэгдсэн хүмүүс бий болж, хөгжлийн эрчээ авчээ. Ялангуяа энд эртний Грек, Ромыг тусгайлан дурдах хэрэгтэй болно. 
Хиппократын тодорхойлсноор эртний Грект эх баригч нар хүүхэд төрүүлэх төдийгөөр зогсохгүй амьдралын талаар арвин туршлага бүхий хүмүүс байжээ. Тэд жирэмсний хугацаа тооцоолох, хэвлий дэх хүүхдийн хүйс тодорхойлох, жирэмсэн байх хугацаанд элдэв хүндрэл тулгарсан тохиолдолд эмчлэх зэрэг үйлийг эрхэлдэг байв. Түүнчлэн эмэгтэйчүүдийн өвчин эмгэг, түүнийг эдгээх тал дээр ч ихээхэн туршлага хуримтлуулсан хүмүүс байлаа. Эмэгтэйчүүдийн архаг өвчнийг эдгээх чиглэлээр мэргэшсэн тусгай домч нар ч байжээ. Хэдийгээр эмэгтэй хүн ажил эрхлэх цээртэй байсан боловч тухайн үед тусгай домч нарын ихэнх нь төрийн албанд зүтгэж байв. Эртний Ромд эх баригч нарын үйл ихээхэн хөгжих болжээ. Энэ төрлийн хүмүүс хүүхэд төрүүлэх төдийгүй ойр дотноо асарч энэрэх, бага, балчир нэгнийг тэжээн сувилах ажил эрхэлдэг байсан юм (Королева 2013).
Эртний Ромын нэр түгсэн эмч Эфес газрын Соран (Σορανος, Soranus of Ephesus, НТ 98-138 он)  «Эмэгтэйчүүдийн эмгэгт өвчний тухай» /Gynaikeia/ гурван дэвтэр бүтээлдээ “хүн асрах урлагаар мэргэшигч хэн боловч бичиг үсэг тайлагдсан, түргэн шаламгай хөдөлгөөнтэй, сайхан сэтгэлтэй, бие эрүүл, хүчтэй, урт гар, нимгэн хумстай нэгэн байваас зохилтой” гэжээ. Үүний зэрэгцээ нас тогтсон, “амгалан тайван, үг дуу цөөтэй, мухар сүсэггүй, амин хувийн атгаг сэтгэлд автаагүй байваас нэн зохино” гэжээ (Королева 2013, 12-16).
Афин, Ромд өвчин, шаналалд өртсөн ядуус, тулаанд шархадсан дайчдыг чинээлэг иргэд гэртээ орогнуулж, асарч сувилах ажлыг эмэгтэйчүүдээр хийлгүүлдэг байв. Гэвч өвчтэй нэгнийг асарч сувилах үйл христийн шашин түгэн дэлгэрсэнтэй холбоотойгоор дэлгэр хөгжжээ. Есүсийн дагалдагч гэгээнтнүүд үзэл санаагаа сурталчлаад зогсохгүй өнчин ядуусыг энэрч тэтгэж байлаа. Диаконис гэж нэрлэгдсэн гэлэнмаа нар, сайн дураар диакон нэр хүлээсэн эрчүүд өвчтөн сувилах ажлыг эрхэлж байжээ. Анхандаа гэлэнмаа, эрхүүд нарт хамаатай байсан үйл аажимдаа нийгмийн давхараа үл харгалзан бүх ядууст хамаатай болж хувирав.
Францын энэрэнгүй үзэлтэн Викэнти де Пол (St. Vincent de Paul, 1581-1660 он), гэгээн Луиза де Марийяк (St. Louisa de Marillac, 1591-1660 он) нар 1633 онд Париж хотноо Duaghtersof Charity (Сайхан сэтгэлт охид) нэртэй бүлгэм үүсгэн байгуулжээ. Энэ бол нийгмийн сайн сайхны төлөө ажиллах шашны нээлттэй анхны эмэгтэйчүүдийн байгууллага байлаа. Анхандаа өнчин, ядуусыг тэтгэх зорилготой байснаа цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж, ядуу айлын нялхас асрах, бусдад асрамж түгээх, шархадсан нэгнийг энэрч сувилах ажил эрхлэх болжээ. Өнөөдөр энэ байгууллага дэлхийн хамгийн том эмэгтэйчүүдийн энэрэнгүй үйлсийн байгууллага болсон байна (Marlaine C. Smith & Marilyn B. Parker 2015).
Сувилахуйн боловсролыг анхлан 1860 онд олон улсад хүлээн зөвшөөрсөн байна. Учир нь тэр жил Английн энэрэнгүй үзэлтэн Флорэнс Натайнгэл (Florence Nightingale, 1820-1910 он) Лондон хотноо Ариун Томасын эмнэлэг түшиглэн сувилагч бэлтгэх анхны сургуулийг үүсгэн байгуулжээ. Мөн сувилахуйн анхны сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байна. Флорэнс Натайнгэл Крымийн дайны үед сувилахуйн үйл ажиллагаа эрхэлж, шархнаас болж нас барсан хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр бууруулсан гэдэг. Натайнгэлийн жишгээр Японид 1885 онд, АНУ-д 1886 онд сувилагч бэлтгэх сургууль тус тус байгуулагджээ.
Йелийн Их Сургуулийн нийгмийн эрүүл мэндийн профессор Чарльз-Эдвард Амори Уинслоу (Charles-Edward Amory Winslow, 1877-1957 он)-гийн удирдсан тусгай комисс 1923 онд АНУ дахь сувилахуйн боловсролын талаар судалгааны тайлан бичжээ. Судалгааны уг тайланд өнгөрсөн бүхий л хугацаанд сувилагч бэлтгэх салбарт эмнэлэг түшиглэсэн сургалт явагдаж ирсэн. Энэ сургалтын онцлог нь суралцагчийн гэхээсээ илүүтэйгээр эмнэлэгийн хэрэгцээ, шаардлагад тулгуурладаг байв. Иймд сувилахуйн салбарт их сургууль түшиглэж, суралцагчийн сонирхолд нийцсэн сургалт зайлшгүй шаардлага байна гэсэн дүгнэлт хийгджээ. Ялангуяа энэ саналыг тусгай комиссын гишүүн Гудрич авхайтан онцгой ихээр дэмжиж байв. Судалгааны тайланд үндэслэн Рокфэллэр сан Йелийн Их Сургуульд сувилахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх таван жилийн туршилтын хөтөлбөр санал болгосон байна. Энэ үед Йелийн Их Сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жэймс Роулэнд Энжелл (James Rowland Angell, 1869-1949 он) гэгч 1923 оны дөрөвдүгээр сард Дэлхийн нэгдүгээр дайнд АНУ-ын армийн сувилахуйн албаны дарга байсан Энни Уорбэртан Гудрич (Annie Warburton Goodrich, 1866-1954 он) –ид Сувилахуйн Сургуулийн захиралаар ажиллах санал тавьсан байдаг. Гудрич тус сургуулийг хөл дээр нь босгохын төлөө амьдралынхаа 11 жилийн зориулсан юм. Үр дүнд нь 1934 онд сувилахуйн чиглэлээр бакалаврын, 1937 онд магистрын зэрэг олгох сургалт бий болсон байна. Гудричийн зүтгэлийг үнэлж, 1939 онд сүүлийн 50 жилийн дотор төрөн гарсан нэр цолгорсон 12 эмэгтэйн нэгээр тодруулсан байна. Йелийн Их Сургуулийн жишгийг Корнеллийн Их Сургууль дагаж, 1942 онд Сувилахуйн Сургуулиа нээжээ (Marlaine C. Smith & Marilyn B. Parker 2015).
Өнөөдөр сувилахуйн үйл ажиллагаа практик туршлагаас шинжлэх ухааны мэдлэг болон өргөжиж, зүйл бүрээр салбарлан хөгжиж байна. Өнөөдрийн хичээл үүгээр жаргаж байна. Анхааран толилсон та бүхэнд баярлалаа. Сувилахуйн чиглэлээр суралцахыг хүссэн хүн бүхэнд Этүгэн Их Сургуулийн үүд ямагт нээлттэй байх болно.

Ашигласан эх сурвалж

Marlaine C. Smith & Marilyn B. Parker. 2015. Nursing Theories and Nursing Practice. 4th . Printed in the USA.
Королева, И. П. 2013. "Профессия - медицинская сестра." Медицинская сестра № 3.

Мухина, С. А. 2016. Теоретические основы сестринского дела. учебник для медицинских училищ и колледжей /С. А. Мухина, И. И. Тарновская. - 2-е изд., испр. и доп.- Москва: ГЭОТАР-Медиа.


ФЛОРЭНС НАЙТИНГЕЙЛИЙН СУВИЛАХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЧНЫ ОНОЛ

Сайн байцгаана уу, хүүхдүүдээ? Этүгэн Их Сургуулийн эрдэмтэн, багш нарын зүгээс сувилахуйн үйл ажиллагааны чиглэлээр цахим орчинд байршуу...