Сайн байцгаана уу,
хүүхдүүдээ?
Этүгэн Их Сургуулийн
эрдэмтэн, багш нарын зүгээс сувилахуйн үйл ажиллагааны чиглэлээр цахим орчинд
байршуулж буй хичээлийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаад бид
сувилахуйн үйл ажиллагааны үүсэл хөгжил сэдвийг сонгон авч байна. Хүүхдүүд та
бүхэн тухлан үзэж, таалан болгооно уу.
Хүн төрөлхтний соёл
иргэншил, ерөнхий анагаах ухааны мэдлэг үүсэхээс өмнө сувилахуйн үйл ажиллагаа
бий болсон гэдгийг НТӨ 100 мянга орчим жилд хамаарах археологийн олдоц түшиглэн
эрдэмтэд баталсан байдаг. Сувилахуйн үйл ажиллагааны үүсэл хөгжил нь шашны
болон цэрэг дайны үйлтэй нягт холбоотойгоор бий болсон байна. Тулаанд шархадсан
хэн нэгийг асрах, ойр дотны нэгнээ хайрлаж, энхэрдэх сэтгэл, практик
ажиллагааны илрэл болж сувилахуйн үйл ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Гэвч цаг
хугацааны явцад сувилахуйн үйл дэлгэр шинжтэй болж, энэ чиглэлд нарийн
мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх нийгмийн зүй ёсны шаардлага урган гарчээ (Мухина 2016) . Одоо бүгдээрээ
сувилахуйн үйл ажиллагааг илүү дэлгэрүүлэн авч үзье.
Юуны түрүүнд, сувилахуйн
үйл ажиллагааны эхлэл болсон ойр дотны хэн нэгнээ асарч, энэрэх мэдрэмж хүний
төрөлх мүс чанарт суурилсан байдгийг дурдах байна.
Тэгвэл хэнийг ойрт
дотныхон гэж үзэх ёстой юм бэ?
Ойр дотны хүмүүсийн
талаарх төсөөлөл хүн төрөлхтний түүхийн үе бүхэнд хувьсан өөрчлөгдсөөр иржээ.
Ангит нийгмээс өмнөх үед ойр дотныхон гэдэгт гол төлөв эцэг, эх, үр хүүхэд, ах,
эгч, эхнэр, нөхрийг хамруулан ойлгодог байв. Гэвч цаг хугацаа улирах тусам уг
ойлголтын агуулга өргөжин тэлэх болсон байдаг. Ойр дотны хүмүүсээ асарч энэрэх
сэтгэлийн илрэл нь өвчтэй, дорой нэгнээ тэнхрүүлэн тэтгэх явдал юм. Өвчтэй,
дорой нэгнээ тэнхрүүлэн тэтгэх уг үйлд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэй хүмүүс гаршсан
байдгийг дурдах байна. Гэхдээ эрэгтэй хүмүүс эрхэлж болохгүй үйл гэж ойлговол
өрөөсгөл болох билээ. Хүн төрөлхтний сувилахуйн түүхэнд нэр цолгорсон олон
эрэгтэй сувилагч гарч байсныг тэмдэглэх байна. Тухайлбал, Америкийн иргэний
дайны үеийн нэр түгсэн сувилагч Уолт Уитмэн (Walt Whitman, 1819-1892 он)-ийг дурдаж болно. Яруу
найрагч, сэтгүүлч, хүмүүнлэг үзэлтэн тэрээр иргэний дайны жилүүдэд тулаанд
шархадсан өвчтөнд тусламж үзүүлж байжээ. Америк тив дэх анхны хар арьст
сувилагч Жамэс Дэрхам (James
Derham, 1762-1802 он)-ын түүх түүнээс ч дутахгүй хатан зоригийн
илэрхийлэл байсныг тэмдэглэн хэлэх байна. 1762 онд Америкийн Филадельфид боолын
гэрт мэндэлсэн тэрээр нөр их зүтгэл, сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар боловсрол
олж, сувилахуйн үйлд цагаарсан байдаг. Үүгээр ч үл барам өөрийн мэргэжлийн үр
шим, үнэ цэнээр боолоос чөлөөлөгдөж, эрх чөлөөт иргэн болсон түүхтэй.
Хүн төрөлхтний түүхийн
нэн эрт үед өвчтэй, дорой нэгнээ асарч тэтгэх үйлийг төрөл төрөгсөд нь эрхэлж
байв. Өвчтөнийг асрах тусгай бэлтгэгдсэн хүмүүс гэж байсангүй, гагцхүү
амьдралын баялаг туршлага бүхий хижээл насны эмэгтэйчүүд голлон эрхэлж байлаа.
Аажимдаа тусгай бэлтгэгдсэн хүмүүс бий болж, хөгжлийн эрчээ авчээ. Ялангуяа энд
эртний Грек, Ромыг тусгайлан дурдах хэрэгтэй болно.
Хиппократын
тодорхойлсноор эртний Грект эх баригч нар хүүхэд төрүүлэх төдийгөөр зогсохгүй
амьдралын талаар арвин туршлага бүхий хүмүүс байжээ. Тэд жирэмсний хугацаа
тооцоолох, хэвлий дэх хүүхдийн хүйс тодорхойлох, жирэмсэн байх хугацаанд элдэв
хүндрэл тулгарсан тохиолдолд эмчлэх зэрэг үйлийг эрхэлдэг байв. Түүнчлэн
эмэгтэйчүүдийн өвчин эмгэг, түүнийг эдгээх тал дээр ч ихээхэн туршлага хуримтлуулсан хүмүүс байлаа.
Эмэгтэйчүүдийн архаг өвчнийг эдгээх чиглэлээр мэргэшсэн тусгай домч нар ч байжээ.
Хэдийгээр эмэгтэй хүн ажил эрхлэх цээртэй байсан боловч тухайн үед тусгай домч
нарын ихэнх нь төрийн албанд зүтгэж байв. Эртний Ромд эх баригч нарын үйл
ихээхэн хөгжих болжээ. Энэ төрлийн хүмүүс хүүхэд төрүүлэх төдийгүй ойр дотноо
асарч энэрэх, бага, балчир нэгнийг тэжээн сувилах ажил эрхэлдэг байсан юм (Королева
2013) .
Эртний Ромын нэр түгсэн эмч Эфес газрын Соран (Σορανος, Soranus of Ephesus, НТ 98-138 он) «Эмэгтэйчүүдийн эмгэгт өвчний тухай» /Gynaikeia/ гурван дэвтэр бүтээлдээ “хүн асрах урлагаар мэргэшигч
хэн боловч бичиг үсэг тайлагдсан, түргэн шаламгай хөдөлгөөнтэй, сайхан
сэтгэлтэй, бие эрүүл, хүчтэй, урт гар, нимгэн хумстай нэгэн байваас зохилтой” гэжээ. Үүний зэрэгцээ нас
тогтсон, “амгалан тайван, үг дуу цөөтэй, мухар сүсэггүй, амин хувийн атгаг
сэтгэлд автаагүй байваас нэн зохино” гэжээ (Королева 2013, 12-16) .
Афин,
Ромд өвчин, шаналалд өртсөн ядуус, тулаанд шархадсан дайчдыг чинээлэг иргэд
гэртээ орогнуулж, асарч сувилах ажлыг эмэгтэйчүүдээр хийлгүүлдэг байв. Гэвч
өвчтэй нэгнийг асарч сувилах үйл христийн шашин түгэн дэлгэрсэнтэй
холбоотойгоор дэлгэр хөгжжээ. Есүсийн дагалдагч гэгээнтнүүд үзэл санаагаа
сурталчлаад зогсохгүй өнчин ядуусыг энэрч тэтгэж байлаа. Диаконис гэж
нэрлэгдсэн гэлэнмаа нар, сайн дураар диакон нэр хүлээсэн эрчүүд өвчтөн сувилах
ажлыг эрхэлж байжээ. Анхандаа гэлэнмаа, эрхүүд нарт хамаатай байсан үйл
аажимдаа нийгмийн давхараа үл харгалзан бүх ядууст хамаатай болж хувирав.
Францын
энэрэнгүй үзэлтэн Викэнти де Пол (St. Vincent de Paul, 1581-1660 он), гэгээн Луиза
де Марийяк (St. Louisa de Marillac, 1591-1660 он) нар 1633 онд Париж хотноо Duaghtersof
Charity (Сайхан сэтгэлт охид) нэртэй бүлгэм үүсгэн байгуулжээ. Энэ бол нийгмийн
сайн сайхны төлөө ажиллах шашны нээлттэй анхны эмэгтэйчүүдийн байгууллага
байлаа. Анхандаа өнчин, ядуусыг тэтгэх зорилготой байснаа цаг хугацаа өнгөрөх
тусам өөрчлөгдөж, ядуу айлын нялхас асрах, бусдад асрамж түгээх, шархадсан
нэгнийг энэрч сувилах ажил эрхлэх болжээ. Өнөөдөр энэ байгууллага дэлхийн
хамгийн том эмэгтэйчүүдийн энэрэнгүй үйлсийн байгууллага болсон байна (Marlaine C. Smith & Marilyn B. Parker 2015) .
Сувилахуйн
боловсролыг анхлан 1860 онд олон улсад хүлээн зөвшөөрсөн байна. Учир нь тэр жил
Английн энэрэнгүй үзэлтэн Флорэнс Натайнгэл (Florence
Nightingale, 1820-1910 он) Лондон хотноо Ариун Томасын
эмнэлэг түшиглэн сувилагч бэлтгэх анхны сургуулийг үүсгэн байгуулжээ. Мөн сувилахуйн
анхны сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байна. Флорэнс Натайнгэл Крымийн
дайны үед сувилахуйн үйл ажиллагаа эрхэлж, шархнаас болж нас барсан хүмүүсийн
тоог үлэмж хэмжээгээр бууруулсан гэдэг. Натайнгэлийн жишгээр Японид 1885 онд,
АНУ-д 1886 онд сувилагч бэлтгэх сургууль тус тус байгуулагджээ.
Йелийн
Их Сургуулийн нийгмийн эрүүл мэндийн профессор Чарльз-Эдвард Амори Уинслоу (Charles-Edward
Amory Winslow, 1877-1957 он)-гийн удирдсан
тусгай комисс 1923 онд АНУ дахь сувилахуйн боловсролын талаар судалгааны тайлан
бичжээ. Судалгааны уг тайланд өнгөрсөн бүхий л хугацаанд сувилагч бэлтгэх
салбарт эмнэлэг түшиглэсэн сургалт явагдаж ирсэн. Энэ сургалтын онцлог нь
суралцагчийн гэхээсээ илүүтэйгээр эмнэлэгийн хэрэгцээ, шаардлагад тулгуурладаг
байв. Иймд сувилахуйн салбарт их сургууль түшиглэж, суралцагчийн сонирхолд
нийцсэн сургалт зайлшгүй шаардлага байна гэсэн дүгнэлт хийгджээ. Ялангуяа энэ
саналыг тусгай комиссын гишүүн Гудрич авхайтан онцгой ихээр дэмжиж байв. Судалгааны
тайланд үндэслэн Рокфэллэр сан Йелийн Их Сургуульд сувилахуйн чиглэлээр
мэргэжилтэн бэлтгэх таван жилийн туршилтын хөтөлбөр санал болгосон байна. Энэ
үед Йелийн Их Сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жэймс Роулэнд Энжелл (James Rowland Angell,
1869-1949 он) гэгч 1923 оны дөрөвдүгээр сард Дэлхийн нэгдүгээр дайнд АНУ-ын
армийн сувилахуйн албаны дарга байсан Энни Уорбэртан Гудрич (Annie Warburton
Goodrich, 1866-1954 он) –ид Сувилахуйн Сургуулийн захиралаар ажиллах санал
тавьсан байдаг. Гудрич тус сургуулийг хөл дээр нь босгохын төлөө амьдралынхаа
11 жилийн зориулсан юм. Үр дүнд нь 1934 онд сувилахуйн чиглэлээр бакалаврын,
1937 онд магистрын зэрэг олгох сургалт бий болсон байна. Гудричийн зүтгэлийг
үнэлж, 1939 онд сүүлийн 50 жилийн дотор төрөн гарсан нэр цолгорсон 12 эмэгтэйн
нэгээр тодруулсан байна. Йелийн Их Сургуулийн жишгийг Корнеллийн Их Сургууль
дагаж, 1942 онд Сувилахуйн Сургуулиа нээжээ (Marlaine C. Smith & Marilyn B. Parker 2015) .
Өнөөдөр
сувилахуйн үйл ажиллагаа практик туршлагаас шинжлэх ухааны мэдлэг болон өргөжиж,
зүйл бүрээр салбарлан хөгжиж байна. Өнөөдрийн хичээл үүгээр жаргаж байна.
Анхааран толилсон та бүхэнд баярлалаа. Сувилахуйн чиглэлээр суралцахыг хүссэн
хүн бүхэнд Этүгэн Их Сургуулийн үүд ямагт нээлттэй байх болно.
Ашигласан эх сурвалж
Marlaine C. Smith & Marilyn B. Parker. 2015. Nursing
Theories and Nursing Practice. 4th . Printed in the USA.
Королева, И. П. 2013. "Профессия - медицинская
сестра." Медицинская сестра № 3.
Мухина, С. А. 2016. Теоретические основы сестринского
дела. учебник для медицинских училищ и колледжей /С. А. Мухина, И. И.
Тарновская. - 2-е изд., испр. и доп.- Москва: ГЭОТАР-Медиа.
Багш нартаа баярлалаа . Өөр мэдээллүүд оруулаарай.
ReplyDelete