Сайн байцгаана уу,
хүүхдүүдээ?
Этүгэн Их Сургуулийн
эрдэмтэн, багш нарын зүгээс сувилахуйн үйл ажиллагааны чиглэлээр цахим орчинд
байршуулж буй хичээлийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаад бид
Английн нийгмийн зүтгэлтэн Флорэнс Найтингейл авхайн сувилахуйн үйл ажиллагааны
орчны онол /Florence
Nighingale’s Environmental Theory of Nursing/ сэдвийг сонгон авч
байна. Хүүхдүүд та бүхэн тухлан үзэж, таалан болгооно уу.
Английн нийгмийн
зүтгэлтэн, сувилахуйн шинжлэх ухааныг цүглэгч Флорэнс Найтингейл амьдралынхаа
туршид нийтдээ 200 орчим өгүүлэл, зохиол нийтлүүлсэн байдаг. Эдгээрээс 1859 онд
хэвлүүлсэн «Асаргаа,
сувилгааны талаарх тэмдэглэл» /Notes on Nursing; Записки об уходе/ бүтээл нь
судлаачдын зүгээс өндөр үнэлэлт авсан байна. Натайнгэл уг зохиолдоо сувилахуйн
үйл ажиллагааны орчны онол гэж нэрлэгдсэн үзэл санаагаа хөгжүүлжээ.
Тэгвэл Флорэнс Найтингейл гэж хэн бэ?
Флорэнс Найтингейл 1820 оны тавдугаар сарын 12 нд Италийн Флорэнц хотноо чинээлэг язгууртан
Уильям Эдвард Найтингейл, Фрэнсис Смит нарын гэрт эснэжээ. Бага наснаас бичиг
үсэгт зэгсэн боловсорч, эртний Грек, Латин хэлний зэрэгцээ Франц, Герман, Итали
хэлийг бүрэн эзэмшсэн байна. Найтингейл өвчин зовлон, үхэл хагацлаас хүмүүсийг
ангижруулах явдлыг өөрийн зорилго хэмээн үзэж байв. 20 насандаа сувилагч
болохоор шийдсэн ч 13 жилийн дараа мөрөөдөлдөө хүрчээ. Өгүүлэн буй үед Англид
сувилахуйн үйлийг хамгийн адгийн ажилд тооцдог байв.
Эцэг, эх, ойр
дотныхоо эсэргүүцлийг үл хайхран хэдэн сарын туршид Лондон хотноо эмнэлэгт
өвчтөн асарч, 1846 оноос сувилахуйн үйл ажиллагааны зохион байгуулалтыг судлах
зорилгоор Итали, Египэт, Грек улсаар аяласан байна. Аяллын явцдаа Германы
Кайзэрвэрт дахь Диаконис Хүрээлэнд зочилсон нь түүний амьдралд томоохон эргэлт
авчирчээ. Эхийнхээ дэмжлэгийг олсон Флорэнс Найтингейл Кайзэрвэрт дахь гэлэнмаа
нарын нийгэмлэгт номлогч Флэндэрийн удирдага дор 1851 онд сувилахуйн боловсрол
эзэмшжээ. Улмаар 1853 оноос Лондон хотноо Харли-стрит дахь жижиг эмнэлэг
удирдах болсон байна. Удалгүй түүний нэр алдар газар сайгүй түгэн дэлгэрч,
бусад газруудад уригдах болжээ.
1854 оны
аравдугаар сарын 21 нд 38 туслахын хамт Оттманы эзэнт гүрний Стамбул дахь
Скутари дүүргийн хээрийн эмнэлэгт, дараа нь Крымд сувилагчаар ажилласан байна.
Өвчтөн асрах, шархтан сувилах зарчмыг эрэмбэ дараатай хэрэгжүүлсний үр дүнд
зургаан сарын дотор шархадсан цэргийн эндэгдлийг 42%-иас 2% болгож бууруулсан
байна. Дайнд шархадсан хүнд өвчтэй 300 гаруй хүн байсан бол мөн хугацаанд 20
хүрэхгүй хүн болж буурчээ. 1856 онд өөрийн хөрөнгөөр Крымд газар худалдан авч
дайнд үрэгдсэн цэрэг эрсийн дурсгалын цогцолбор байгуулсан байна.
Англид эргэн
ирснээр Найтингейл Британы армийн эрүүл мэндийн албыг өөрчлөн шинэчлэх ажлыг
сэджээ. Хэдийгээр Цэргийн явдлын яамны зүгээс эсэргүүцэл үзүүлж байсан боловч
1857 онд Цэргийн эрүүл мэндийн асуудал хариуцсан тусгай комисс байгуулсан
байна. Өгүүлэн буй үед эмэгтэй хүн ийм өндөр алба үүрэглэх боломжгүй байсан бол Найтингейл комиссын гишүүн болоод зогсоогүй тус бүтцийн үйл ажиллагаанд хүртэл
хүчтэй нөлөөлөх болсон юм. Шинэчлэл шаардлагатай гэдгийг засгийн газартаа
итгүүлэх үүднээс судалгаа, баримт нотолгоо түшиглэх болсон нь тус улсад
статистик, тэр дундаа нийгмийн статистик хөгжих эхлэл болж өгчээ. 1859 онд
Британы цэргийн яамны сайдаар Сэдней Хэрбэрт томилогдсон нь Найтингейлийн
эхлүүлсэн шинэчлэл эрчээ авах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Сувилахуйн үйл,
шинжлэх ухааны мэдлэгийг цүглэгч Флорэнс Найтингейл 1859 онд Хатан хааны
статистикийн нийгэмлэгийн гишүүнээр сонгогдсон бөгөөд хожмоо Америкийн статистикийн
холбооны хүндэт гишүүн болжээ. Сувилахуйн онол, үзэл санааны эхийг тавигч
Флорэнс Найтингейл 1910 оны наймдугаар сарын 13 нд Лондон хотноо 90 насандаа
мөнхөрч, шарирыг нь Гэмпшир гүнлэг дэх Ариун Маргаритагийн сүмд нутаглуулжээ.
Одоо бүгдээрээ түүний
сувилахуйн үйл ажиллагааны орчны онолтой танилцья.
Юуны түрүүнд, Найтингейл өвчтөнийг асарч, сувилах үйл ажиллагаанд шинжлэх ухаанч байр сууринаас хандахыг
оролдсон анхны хүн юм. “Анагаахын сувилахуй шиг хүний үхэл, амьдралтай
ханьссан мэргэжил гэж үгүй билээ” (С. А. Мухина, И. И. Тарновская 2020) хэмээн тэрээр
бичжээ. Сувилахуйн үйл ажиллагаа нь “эмчийн үйл ажиллагаанаас ялгагдах
тусдаа мэргэжил бөгөөд эмчийн мэдлэгээс ангид тусгай мэдлэг шаарддаг болно”
(Nightingale 1860) . Сувилахуйн үйл ажиллагаа гэдэг нь “өвчтөнийг
эрүүл болгох зорилгоор түүний хүрээлэн буй орчныг зохистойгоор ашиглах”
үйлдэл мөн /Nursing as the act of utilizing the
environment of the patient to assist him in his recovery/ (Найтингейл 2002) .
“Гэр бүл,
эмнэлэгийн орчинд асаргаа, сувилгаа авч буй ихэнх тохиолдолд өвчтөний зүгээс
тавьж буй шаардлага, хүсэлтийг тухайн өвчнөөс үүдсэн зүй ёсны шинж гэж үздэг.
Үнэндээ өвчтөний ихэнх шаардлага, хүсэлт нь гэрэл гэгээ, цэвэр агаар, дулаан,
тав тухтай цэвэр орчин, зөв хоол, хоолны зохистой хэрэглээ гэх мэт өөр
шалтгаанаар нөхцөлдсөн байдаг. Ерөөсөө өвчтөний дургүйцэл буруу асаргаа,
сувилгаанаас ихээхэн хамаардаг. Өвчтөнийг ойр тойрныхон нь анзаарахгүй юм үл
тоомсорлох нь өвчин гэж нэрлэгдсэн зүйлийг зөв асарч, сувилахад тулгарч буй гол
саад юм” (Nightingale 1860) . Эндээс тэрээр өвчтөний хүрээлэн буй
орчин гэх ойлголтыг гаргаж ирсэн байна.
Найтингейлийн
үзсэнээр, хүрээлэн буй орчин нь гэрэл гэгээ, цэвэр агаар, цэмцэгэр орчин,
дулаан тав тухтай байдал, хоололт гэсэн таван зүйлээс бүрдэх бөгөөд хэрэв
эдгээрт хамаарал бүхий дүрэм журам, зарчмыг баримталж чадвал ямар ч өвчнийг
анагаах, эдгээх боломжтой гэж үзсэн байна. “«Асаргаа, сувилгаа» гэх үг бодож
байгаагаас ч илүү гүн утгатай юм. Үнэндээ асаргаа, сувилгаа гэдэгт өвчнөөс
урьдчилан сэргийлэх, өвчнийг идгээхэд шаардагдах эрүүл ахуйн бүх дүрмийг чанд
сахин биелүүлэх, тохируулахыг хэлнэ. Асаргааны явцад цэвэр агаарын урсгал, гэрэл гэгээ,
дулаан, тав тухтай цэвэр орчин, зөв хоол, хоолны зохистой хэрэглээг тохируулах
шаардлагатай бөгөөд өвчинд суларсан бие махбодын хүчийг нөхөн сэргээх нь
тэргүүн зэргийн ач холбогдолтой гэдгийг хэзээ ч мартаж болохгүй юм” (С. А. Мухина,
И. И. Тарновская 2020) . Өвчинтэй шууд холбоогүй шалтгаан
өвчний эдгэрэх, эмчлэгдэх байдалд зарим тохиолдолд суурь нөлөөтэй байдаг
гэдгийг тогтоож өгсөн нь Найтингейлийн гол дүгнэлт болно.
Найтингейл эм
эмчилгээний аргаар бус, сэтгэл санаа, бие махбодод орчноор дамжуулан нөлөөлж,
өвчинтэй тэмцэх хат, дархлаа суулгахад онцгой анхаарч байв. Энэ нь ч тодорхой
хэмжээнд үр дүнгээ өгч байжээ. Сувилахуйн үйл ажиллагаа нь практик туршлага
байхын зэрэгцээ шинжлэх ухааны мэдлэг болно. Иймд эмчийн үйл ажиллагаанаас
тусдаа авч үзэх ёстой. Сувилахуйн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэйгээр
хөгжүүлэх зорилгоор 1860 онд Лондон хотноо байрлах Ариун Томасын эмнэлэг
түшиглэн сургууль байгуулсан байна.
Дэлхий дахинаа 1873
онд Линда Ричардс (Malinda
Ann Judson Richards, 1841-1930 он) анхны дипломтой сувилахуйн
мэргэжилтэн болсон бол 1907 онд сувилахуйн үйл ажиллагааны чиглэлээр профессор
цолыг Колумбын Их Сургуульд Мэри Адэлиада Нуттинг (Mary Adelaide Nutting, 1858-1948 он)
анхлан хүртэж байжээ. Америкийн сувилахуйн холбоо 1897 онд байгуулагдсан байна.
Бакалаврын зэргийн сургалт 1934 онд, магистрын сургалт 1937 онд Йелийн Их
Сургуульд бий болсон байна. Энэ бүхэн Найтингейл авхайтай ямар нэгэн байдлаар
холбоотой байв. Тийм ч учраас 1907 онд Английн VII Эдуард хаан түүнийг гавьяаны
одонгоор шагнаж байжээ. Найтингейл сувилагчийн ажил эрхэлж байгаагүй хүн хэзээ ч
сувилагч болох хүнд багшилж болохгүй гэсэн зарчимд хатуу итгэдэг нэгэн байлаа.
Түүний үзэл санаагаар товчилбор байдлаар
аяласан энэ удаагийн хичээл үүгээр жаргаж байна. Анхаарч толилсон
та бүхэнд баярлалаа. Сувилахуйн чиглэлээр суралцахыг хүссэн хүн бүхэнд Этүгэн
Их Сургуулийн үүд ямагт нээлттэй байх болно.
Эх сурвалжийн жагсаалт
Nightingale, Florence. 1860. Notes on Nursing:
What it is, and what it is not. New York : D. Appleton and Company.
Найтингейл, Флоренс. 2002. Записки об уходе.
Ответственный редактор: Профессор Г. М. Перфильева, Москва: Русский врач.
С. А. Мухина, И. И. Тарновская . 2020. Теоретические
основы сестринского дела: Учебник для медицинских училищ и колледжей.
Москва : ГЭОТАР-Медиа.
No comments:
Post a Comment